Дулаан тойм #3 2026.08.24-30 | Шинэ ногоо, дугуйлан, хашаа




Шинэ ургацын “Алтан намар” үзэсгэлэн худалдаа болж байна
Хөдөлмөрч тариаланчдын маань эх нутгийнхаа хөрсөнд ургуулсан шинэ ургац гарчээ! Тариаланчдын гар дээрээс хямд, бөөний үнээр хүнсний ногоо, жимс жимсгэнэ авахыг хүсвэл нийслэлийн 18 байршилд дэлгэгдэж буй “Алтан Намар 2026” үзэсгэлэн худалдааг зориорой.
Эерэг баримт: Намрын ургацын урьдчилсан байдлаар улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрджээ. Энэ намар сайхан монгол ногоо, жимсээ хураагаад аваарай.
Дулаан мэдээ, баримтын эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Монгол Улсын харьяат хүн ам 3.6 саяд хүрчээ
Хүн ам, орон сууцны тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг таван жил тутамд зохион байгуулдаг билээ. Тэгвэл хамгийн сүүлийн тоон үзүүлэлтээр манай орны хүн ам 3.6 саяд хүрчээ. Сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам даруй зургаа дахин өсжээ.
Эерэг баримт: Харьцангуй цөөн хүн амтай улсын хүн ам өсөх нь эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлж, илүү тогтвортой орлоготой улс нийгэмд хөтөлдөг байна.
Эерэг баримтын эх сурвалж: theigc.org Дулаан мэдээний эх сурвалж: Монцамэ


Хүүхдийн Урлан Бүтээх Төв олон төрлийн бүтээлч дугуйландаа элсэлт авч байна
Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх олон төрлийн бүтээлч сургалт явуулдаг Хүүхдийн Урлан Бүтээх Төв энэ жилийн сургалтдаа 9-р сарын 2-ноос эхлэн элсэлт бүртгэл авч эхлэхээ зарлажээ. 2-12-р ангийн хүүхэд бүр хамрагдах боломжтой учир өөрийн хүссэн чиглэлээрээ бүртгүүлэх боломжтой. Уран зураг, уран баримал, гар урлал, хатгамал, дизайн, үндэсний өв соёлын дугуйлангуудыг судлаад үзээрэй!
Эерэг баримт: Бага насандаа авьяас чадвараа хөгжүүлсэн хүүхэд насан туршдаа өөртөө итгэлтэй, шинэ зүйл сурах сонирхолтой болдог.
Эерэг баримтын эх сурвалж: Changemh.org
Дулаан мэдээний эх сурвалж: МХУБТ










34, 26 жил ажилласан ахмад жолооч нар алтан гараагаа хийлээ
Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын аюулгүй байдлыг анхааран, хүрэх цэгт нь хүргэж өгдөг нийтийн тээврийн жолооч хамгийн хариуцлагатай ажлын нэг билээ. Тэгвэл энэ 7 хоногт 34 жилийн турш тасралтай ажилласан жолооч Д.Насанбат болон 26 жил ажилласан жолооч М.Эрдэнэцогт нар алтан гараагаа хийж, гавьяаныхаа амралтаа авчээ. Хамгийн сүүлийн жолоог “алтан гараа” хэмээн бэлгэшээдэг байна.
Эерэг баримт: Нэг ажилдаа олон жил ажилласан хүмүүс илүү мэргэшсэн ур чадвартай байдаг. Мөн ажлын хамт олны харилцаа илүү гүн гүнзгий, стресс бухимдал ч бага байдаг аж.
Эерэг баримтын эх сурвалж: Indeed.com
Дулаан мэдээний эх сурвалж: Tsahiur.mn
Хүүхдийн гэрийн даалгавар 10 минутад багтдаг болно
Хичээлээсээ ирээд өдөржин шөнөжин гэрийн даалгавраа хийж, ядарч, гэр бүлийн чанартай цаг алдагддаг байдал энэ хичээлийн жилээс болих нь ээ! 2026 оны хичээлийн жилээс хүүхдийн гэрийн даалгаврыг 10 минутын дүрэмд тохируулан ачааллыг бууруулах тухай Боловсролын сайд мэдээллээ. Ямар гоё вэ?
Эерэг баримт: Өдөр бүр гэр бүлтэйгээ багадаа 15 минутыг хамт, чанартай өнгөрөөх нь сэтгэлийг өргөж, халуун дотно уур амьсгалыг зузаатгана.
Эерэг баримтын эх сурвалж: Psychologytoday.com
Дулаан мэдээний эх сурвалж: МОНЦАМЭ
Хөдөлмөрч гэр бүл хашаандаа 200 орчим мод, алим жимс тарьжээ
СХД-ийн иргэн Б.Гансүх, А.Ариунтунгалаг нар хашаандаа 200 гаруй мод тарьжээ. Бахархмаар байгаа биз? Тэд алимны мод, мойл, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ тарьж, хамтдаа халуун дулаан аз жаргалтай амьдарч байгаа нь үнэхээр хөөрхөн!
Эерэг баримт: Мод, цэцэг ургамал тарьж өдөр тутам арчилдаг хүн тайван дөлгөөн, аз жаргалтай байдаг аж. Ургамал ногоо арчлах үед стресс буурч, бүтээлч байдал, аз жаргалын даавар нэмэгдэнэ.
Эерэг баримтын эх сурвалж: Theconversation.com
Дулаан мэдээний эх сурвалж: NTV Мэдээ
ЕБС-ийн сургалтад фэйсбүүк чат ашиглахгүй
Хүүхдэд групп чатаар даалгавар өгдөг, сургалтын үйл ажиллагаа явуулдаг байдлыг таслан зогсоохоор болжээ. Сошиал сүлжээ ашиглах нь хүүхдийн аюулгүй байдал, хувийн мэдээлэл зэрэгт нөлөөлөх олон сөрөг талтай байсан бол ийнхүү сургалтад зориулсан тусгай систем нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.
Эерэг баримт: Сошиал сүлжээ хэрэглэдэггүй, өдөрт бага цагаар хэрэглэдэг хүүхдийн анхаарал болон тархины хөгжил өдөрт олон цагаар хэрэглэдэг хүүхдийнхээс илүү сайн болох нь судалгаагаар ажиглагджээ. Мөн өдөр бүр сошиал үзэх нь стресс бухимдлыг нэмэгдүүлнэ.
Эерэг баримтын эх сурвалж: news.llu.edu
Дулаан мэдээний эх сурвалж: news.zindaa.mn
Хотын ногоон бүс, ойн санд барьсан хашаануудыг буулгана
Хаа сайгүй хашаалж, ногоон бүс, ойг талхлах муухай шүү. Тэгвэл нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн талбайд нийтийн орц, гарц, ойн зурвасыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцалжээ.
Дулаан мэдээний эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагч



















