Үүл Гэр - Эерэг агуулгатай зурагт мэдээ, мэдлэг

Дулаан тойм #2 2026.08 | Цэцэрлэг, Тэгш эрх, Нүхэн гарц

2 min read

Яармагийн цэвэр усны ган шугамыг ахуйн зориулалттай шугамаар шинэчилжээ

Яармагийн цэвэр усны шугамыг бүрэн шинэчлэн засварлажээ. Нийт 4.8 км урт шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн шугамаар шинээр суурилуулж, хэвийн ажиллагаанд оруулжээ.

Эерэг баримт: Хуучирсан шугам зэврэх үед зэврэлтийн бүтээгдэхүүн усны чанарт нөлөөлж, усны өнгө, амт, үнэр өөрчлөгдөж болзошгүй байдаг. Харин ахуйн зориулалттай ган шугам нь энэхүү эрсдэлээс хамгаалах юм.

Дулаан мэдээний эх сурвалж: Time.mn


Сайн дурын залуус 3 сарын турш хотоо цэвэрлэж, Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчлэн засварлалаа

Энэ оны тавдугаар сараас эхлэн Z үеийн 300 орчим залуус хотоо цэвэрлэх аян эхлүүлээд буй. Тэгвэл “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааны залуус “Багшийн дээдийн нүхэн гарц”-ыг шинэчлэн засварлаж нээлээ. Монголын утга зохиолын нэрт яруу найрагчдын хөрөг, алдарт бүтээлийг үндэсний бичгээрээ буулгаж зуржээ.

Эерэг баримт: Сайн дурын ажил нь нийгэмдээ эерэг нөлөөг авчраад зогсохгүй хувь хүний аз жаргалыг нэмэгдүүлдэг байна. Сайн үйлс нь амьдралыг илүү утга учиртай, үнэ цэнтэйг ойлгоход тусалдаг.

Дулаан мэдээний эх сурвалж: Urug.mn

Эерэг баримтын эх сурвалж: Helpguide.org

Дуучин Д.Болдын нийслэлд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтийг зөвшөөрч, хэрэгжүүлэхээр боллоо

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд нийслэлд цэцэрлэг барих хүсэлтээ илэрхийлэн, хотын дарга дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж муу бөгөөд 24 хороо цэцэрлэггүй байна. Тиймээс хамгийн их хэрэгцээтэй байршлыг түүнд санал болгож, хүүхдийн цэцэрлэг барих ажлыг дэмжинэ гэжээ.

Эерэг баримт: Хүүхэд гэртэйгээ ойрхон цэцэрлэгт явах нь гэр бүлийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг байна. Түгжрэлд цаг үрэхгүй, гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрөөж, нойрны чанар, сэтгэл зүйн байдал ч нэмэгддэг. Хүүхэд бүр эрүүл аюулгүй байгаасай!

Дулаан мэдээний эх сурвалж: Eagle.mn

Эерэг баримтын эх сурвалж: Wisdomland.edu.vn

Тэгш эрх, бахархлын өдрүүдийн хүрээнд Тэгш эрхийн төлөөх алхалт 8-р сарын 29-нд болно

Хүн бүр айдасгүй, өөрийнхөөрөө амьдрах эрхтэй!

Үүнийг нийгэмдээ сануулан, эрх тэгш байдлын үнэ цэнийг бүтээдэг Тэгш эрхийн төлөөх алхалт энэ сарын 29-ний бямба гарагт болохоор товлогджээ. Ялгаатай байдлыг хүндэлсэн, ялгаварлан гадуурхалтгүй нийгмийг хамтдаа бүтээхэд хувь нэмэр оруулахыг хүсвэл Барилгачдын талбайгаас эхлэх Тэгш эрхийн төлөөх алхалтад нэгдээрэй.

Эерэг баримт: Тэгш эрхийн алхалт нь ЛГБТИК+ хүмүүсийн хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход бүх нийтийн болон шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах чухал ач холбогдолтой.

Дулаан мэдээний эх сурвалж: movement.mn

Бусдыг ойлгох, хайрлах зэрэг сэтгэл зүрхний боловсролыг цэцэрлэг, 1-р ангиас заана

Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүрхний боловсрол амин чухал билээ. Тиймээс бусдыг ойлгох, бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэнгүй байх зэрэг сэтгэл зүрхний боловсролыг энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг болон нэгдүгээр ангиас орж эхлэхээр болсон тухай Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Эерэг баримт: 25 жилийн турш явуулсан судалгаагаар хүүхэд бусдыг ойлгох, хайрлах сэтгэлийг гэр бүл, найзуудаасаа хамгийн их суралцдаг болох нь ажиглагджээ. Мэдрэмжээ “сайн”, “муу” гэх ерөнхий утгаар биш “айсан”, “түгшсэн”, “баяртай”, “догдолсон”, “орхигдсон”,”анхаарал хүссэн” зэрэг олон төрлийн дэлгэрэнгүй үгээр тодорхойлон хэлэхэд суралцах нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварын эхлэл аж.

Дулаан мэдээний эх сурвалж: ubn.mn

Эерэг баримтын эх сурвалж: theconversation.com

Налайхт болж буй "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль руу тогтмол үнэгүй автобус үйлчилнэ

Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг мэдрүүлэх “Нүүдэлчин” фестиваль Налайх дүүрэгт болж байна. Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр зэрэг болох юм. Тогтмол үнэгүй автобус явах тул дээлээ өмсөөд л гарахад болох нь!

Эерэг баримт: 2024 онд “Монгол нүүдлийн зан үйл өв”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ.

Дулаан мэдээний эх сурвалж: "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль

Эерэг баримтын эх сурвалж: Unesco.org

"Эрүүл ой" төслийн хүрээнд тэрбум модыг нөхөн сэргээжээ

Нэг тэрбум модыг хортон шавжинд идэгдэн устахаас сэргийлэн нөхөн сэргээж чаджээ! Гайхалтай биш гэж үү? Ой мод нь ус, хөрс, салхи, ургамал амьтан, уур амьсгалд шууд нөлөөтэй, эх дэлхийн амин зүрх билээ. Тэгвэл "Эрүүл ой" төсөл дөрвөн жилийн турш хэрэгжиж, тэрбум модыг нөхөн сэргээхийн зэрэгцээ ойн эко систем, ойн бодлогыг сайжруулахад хувь нэмэр оруулжээ.

Эерэг баримт: Уг төслийн хүрээнд 50 гаруй улсын 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюунд суурилсан “EarthRanger” программыг Монголд нэвтрүүлжээ.

Дулаахан мэдээний эх сурвалж: Rio Tinto

Сонгогчийн боловсрол олгох "18 хоног" баримтат кино бүх видео санд байршжээ

Энгийн таван иргэний өнцгөөс сонгуулийн үйл явцыг бодитоор харуулсан “18 хоног” баримтат кино нь сонгогчийн боловсрол олгох өндөр ач холбогдолтой бүтээл юм. Тэгвэл Ноорог медиагийн энэхүү бүтээлийг бүх IPTV-ээс хүлээн авч үзэх боломжтой болжээ. Найзууд, гэр бүлээрээ тухлан үзэж, хамтдаа чухал сэдвийн талаар ярилцаарай.

Эерэг баримт: Хүүхэд залуус багаасаа улс төр, сонгогчийн боловсролтой байх нь улс нийгмийн хөгжилд шууд нөлөөлдөг.

Дулаахан мэдээний эх сурвалж: 18 ХОНОГ

Эерэг баримтын эх сурвалж: unicef.com

13 байршилд Magic box контайнер номын сан ажиллаж байна

“Лантуун дохио” ТББ-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Magic box” контайнер номын сан Монгол орон даяар 13 байршилд ажиллаж байна. 40 тонн контайнерийг доторлон дулаалж, кофе шоптой номын сан байхаар тохижуулсан уг төсөл нь хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэн, номын мэдлэгийг түгээж байна. Улаанбаатарт 3 номын сан, орон нутагт 10 номын сан байгаа нь гоё байгаа биз?

Эерэг баримт: Ном уншдаг хүүхдүүдийн 80% нь ном уншихдаа сурсан шинэ үг нь өөрийн мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг гэжээ. Хүүхэд багаасаа ном уншсанаар тархины хөгжил нь сайжирч, анхаарал төвлөрөл нэмэгдэх зэрэг насан туршийн ур чадварт суралцдаг.

Дулаахан мэдээний эх сурвалж: Magic box container nomiin san

Эерэг баримтын эх сурвалж: Oxford University Press