Үүл Гэр - Эерэг агуулгатай зурагт мэдээ, мэдлэг

Дулаан тойм #1 2026.08 | Тэмээ, автобус, мод

2 min read

Малчин Ц.Шинэн 1000 тэмээтэй болж, Төрийн шагнал хүртлээ

1000 тэмээтэй анхны гавьяат малчин тодорсон нь гайхалтай үйл явдал биш гэж үү? Тэмээ маллах өв соёлыг олон жилийн турш тууштай хадгалж, үр хойчдоо өвлүүлэн хөгжүүлж буй малчин Ц.Шинэн улсын хэмжээнд анх удаа 1000 тэмээ тоолуулсан амжилтаараа Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Эерэг баримт: Тэмээ хариулах нь говь цөлийн экосистемийг хамгаалах, бэлчээрийг зөв ашиглах нарийн гүн ухаантай. Монголын говийн нөхцөлд тэмээ нь бусад мал шиг бэлчээр талхалдаггүй, өвөрмөц онцлогтойгоор байгаль орчинд ээлтэйгээр идээшдэг.

Дулаахан мэдээний эх сурвалж: MNB Монголын Мэдээ

2026 оны эхний хагасын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 34.5% буурчээ

Гудамжинд хулгайд юмаа алдах вий гэж айх айдас бага ч гэсэн буурчээ. Нийслэлийн хэмжээнд бүртгэсэн халаасны хулгайн гэмт хэрэг 34.5 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг 2.8 хувь, хулгайлах болон залилах гэмт хэрэг 6 гаруй хувь, дээрэмдэх гэмт хэрэг 11 хувь тус тус буурчээ.

Эерэг баримт: Гудамж талбай дахь хяналтын камер нь гэмт хэрэг гарах эрсдэлийг 13-50 хувь хүртэл бууруулдаг байна. Хамгаалалтын систем, дохиололтой бол бүр ч аюулгүй!

Дулаахан мэдээний эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудал руу 24 цаг автобус үйлчилж байна

Өдөр шөнийн хэдэн цагт ч хамаагүй гэрээсээ гараад л автобусанд суугаад нисэх буудал руу очиж болдог боллоо. “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу Х:19, Х:20 гэсэн автобус тус тус 24 цагийн турш явдаг болжээ. Гоё байгаа биз?

Эерэг баримт: Олон улсын нислэгийн үед дор хаяж 3 цагийн өмнө онгоцны буудал дээрээ очсон байхыг зөвлөдөг. Тэгвэл хот нойрсон буй шөнийн цагаар 1 цагийн дотор л автобусаар оччих нь ээ.

Дулаахан мэдээний эх сурвалж: Gogo.mn

Вьетнам улсад 6 жил үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адуу эх орондоо ирлээ

Монгол морьд Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо иржээ. Тус улсад 100 гаруй монгол адуу алба хааж буй.

Эерэг баримт: Монголчууд жил бүрийн 7-р сарын 11-ны өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэж байна. Морь аймар гоё!

Дулаахан мэдээний эх сурвалж: Nogoon.mn

АНУ-д "Хүн-аалз" үзээд харьж явсан монгол залуу хүчирхийллийг таслан зогсоожээ

АНУ-ын Вашингтон мужид шөнийн 04:30 минутад гэртээ харьж яваад харанхуй паркт тусламж дуудан орилох эмэгтэйг сонссон монгол залуу Замилан яаравчлан тусалж хүчирхийллийг таслан зогсоожээ. Тэр эхлээд гэмт этгээдийг холдуулж, утсаараа баримтжуулж, цагдаа дуудсан байна. Үнэхээр мундаг байгаа биз?

Сонирхолтой нь, тэрээр шинээр нээлтээ хийсэн "Spider-Man: Brand New Day" киноны шөнийн үзвэрийг үзээд электрон нэг дугуйтаар харьж явжээ.

Эерэг зөвлөмж: АНУ-д хэрвээ хэн нэгнийг аливаа хүчирхийлэлд өртөж буйг олж мэдвэл дараах 5D алхмыг хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

  1. Direct – Шууд оролцож, "Зогс", "Боль" гэж зоригтой хэлэх

  2. Distract – Гэмт этгээдийн анхаарлыг сарниулах

  3. Delegate – Бусдаас тусламж хүсэх

  4. Delay – Хүлээзнээд дараад нь хохирогчоос зүгээр эсэхийг лавлах

  5. Document – Гэмт этгээдийн зургийг дарах, дуу хоолойг нь бичих, нөхцөл байдлыг баримтжуулах.

Дулаахан мэдээний эх сурвалж: NBC Washington

Зөвлөмжийн эх сурвалж: Rightobe.org

Жилд 3000-3500 хүүхдэд үйлчлэх сэргээн засах төв ашиглалтад орлоо

Таван шард байдаг Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөл ашиглалтад оржээ. Өмнө нь жилд 2000 хүүхэд тусламж үйлчилгээ авч, 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байсан бол ийн 80 ортой өргөтгөл нэмэгдэж 3500 хүүхэд үйлчлүүлэх боломжтой болжээ.

Эерэг баримт: Судалгаагаар хотод нэг шинэ эмнэлэг нээгдэхэд хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт, нярайн эндэгдэл багасдаг байна.

Дулаахан мэдээний эх сурвалж: Eguur.mn

Баримтын эх сурвалж: Sciencedirect.com

Мопед, скүүтер, адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодох боллоо

Мопед, скүүтер, цахилгаан дугуй зэргийг зөвхөн 18 нас хүрсэн хүн жолоодох эрхтэй боллоо. Эцэг эх, асран хамгаалагч нар 18 нас хүрээгүй хүүхдийг эдгээр хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэхэн үүрэгтэй болжээ. Машин зам ч, явган зам ч аюул осолгүй байгаасай!

Эерэг баримт: Энэхтхэг улс 2019 онд зөвхөн насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй хүн 2 дугуйт тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсноор зам тээврийн ослоо багагүй бууруулж чадсан гэнэ шүү.

Дулаахан мэдээний эх сурвалж: Өдрийн сонин

85 настай Б.Шүрхүү Чингэлтэй хайрханд 11 жилд 4000 гаруй мод тарьжээ

Зохиолч Б.Шүрхүү Чингэлтэй хайрханы "Шар хагтын" амын 8,8 га газарт 11 жилийн хугацаанд 20 нэр төрлийн 4000 гаруй мод тарьжээ. Үр хойчдоо ногоон байгаль өвлүүлэх нь түүний хувьд хамгаас үнэ цэнтэй учир цаашид ч мод тарьсаар байхаа илэрхийлжээ.

Эерэг баримт: Насанд хүрсэн нэг мод жилд хоёр хүний амьсгалах хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг.

Дулаахан мэдээний эх сурвалж: Arslan.mn

739 бизнес цахимаар зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ

Өнгөрсөн сард 739 бизнес эрхлэгч төрийн үйлчилгээг цахимаар ашиглан зөвшөөрлөө авчээ.

Цахим систем нэвтэрснээр зөвшөөрөл авах, биечлэн уулзах олон шат дамжлага хялбаршиж, төрийн албан хаагчдын ажлын ачаалал ч буурч байна. Утсаараа шийдчих нь хэчнээн амар!

Эерэг баримт: E-business.mn цахим систем нь төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Дулаахан мэдээний эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Мазаалайн амьдрах орчин сайжирч тоо толгой 54 болжээ

Нэн ховорт тооцогддог мазаалай баавгайн тоо толгой 54 болж өсжээ. Мазаалай Говь-Алтай аймгийн Атас, Шар хулс, Тооройн нуруу зэрэг баянбүрдээр нутагладаг. Холимог идшээр хооллогч мазаалайн тоо толгой 2024 онд 51 байсан бол ийнхүү гурваар нэмэгджээ. Хөөрхөн гурван алманцаг төрсөн байх даа!

Эерэг баримт: Мазаалай нь говийн баян бүрдийг нөхөн сэргээдэг хармаг жимсийг ургуулдаг амьтан юм. Байгальд унасан хармагийн үрийн ургах чадамж 10-15 хувьтай байдаг бол мазаалай идээд боловсруулаад гаргасан бол 50 хувиас дээш ургах боломжтой болдог аж. Тэгэхээр өхөөрдөм мазаалай цөлжилтийн эсрэг хувь нэмэр оруулдаг байх нь ээ!

Дулаахан мэдээний эх сурвалж: Imedee.mn